Хүүхдээ зөв эрхлүүлэх 4 зөвлөмж

1. “Үгүй” гэдэг үг бол муу үг биш юм гэдгийг та сайн ойлго!

Хүүхдэдээ үргэлж “за” гэж хэлэх нь хүүхдийг төлөвшиж, хүмүүжихэд их саад учруулдаг. Том болох тусам олон хүнтэй харилцаанд орох нь ойлгомжтой зүйл, гэтэл багаас нь үргэлж хүссэн бүрийг нь хийж өгөх, хиймээр байна гэсэн болгоныг нь хийлгэсээр энэ бүхэнд дасгаж орхиход хүүхэд том болоод хэн нэгнээс “үгүй” гэдэг хариу авахдаа хэт эмзэг эсвэл том цочролд орж хүлээн авах боломжтой.

2. Хүүхдээсээ хүлээх хүлээлтээ бага зэрэг нэмээрэй.

“Хүүхэд юм чинь үүнийг чадахгүй байх” гэх мэтээр урдуур нь орж шийдвэр гаргахаа зогсооно уу. Насны ангилал бүрээр хүүхэд өөрийн гэсэн тодорхой чадварыг эзэмшиж явдаг, гэтэл “дунд анги болохоор хийх нас нь арай болоогүй байх”, өсвөр насанд нь “багаасаа нэгэнт хийгээгүй зүйлийг гэнэт хийлгэх дэмий байх” гэж урдуур нь орох нь хүүхдийг биеэ даах, шийдвэр гаргах эрх мэдэлгүй болгодог. Энэ нь нийгмийн харилцаанд ороход нь их төвөг болох үе гарч ирдэг. Тиймээс “хүүхэд юм чинь…” гэх бодлоо түр хойшоо тавиад “миний хүүхэд чадна” гэх бодолтойгоор хүүхдэдээ зарим нэг даалгавар өгч болно. Жишээ нь, дэлгүүрээс 5 ширхэг өндөг худалдан авах, өөрийнх нь хананы өнгийг сонгуулах гэх мэт жижиг боловч хариуцлагатай даалгаврууд өгөх нь биеэ даах, өөртөө итгэх итгэлтэй болох, бусадтай болон амьгүй зүйлстэй харилцаж сурахад нь дэм болж өгнө.

3. Урамшууллаа багасгах.

“Онц авах юм бол дугуй авч өгнө”, “таван ном уншвал тэр хүсээд байсан тоглоомыг чинь аваад өгье” гэх мэт урамшууллын амлалтуудаа багасгаж байж таны хүүхэд жинхэнэ хайр, энхрийллийг мэдрэх боломжтой болж ирнэ. Энэ нь цаашлаад сайн юм хийх бүрдээ “би бэлэг авах ёстой” гэх бодлыг суулгах учраас урамшууллын амлалтуудаа багасгах нь чухал. Та хүүхдэдээ урамшууллын үгс, үнсэлт, тэврэлт бэлэглэж болно шүү дээ. Хүн тэврэлтийг үргэлж авах нь сэтгэл зүйн хувьд тогтвортой байх, илүү аз жаргалтай байхад тусалдаг гэдгийг бүү мартаарай.

4. Хүүхэд бол ертөнцийн төв гэх байдлыг багасгах.

Айлын хүүхдийн тоглоомыг булааж авах, бусдыг гэмтээх, ээж аав руу гаа янз бүрээр орилж хашхичих үед нь хүүхдийн зөв юм шиг хандлага гаргах хэрэггүй. Багаас нь юуг буруу, юуг зөв гэдгийг сайн ойлгуулж сургах хэрэгтэй. Айлын хүүхдээс тоглоомыг нь булааж авсан үед нь хүүхдээсээ тоглоомыг нь аваад нөгөө хүүхдэд нь эргүүлж өгөөд хүүхэдтэйгээ өөрийнх нь тоглоомыг тэгж булаасан бол ямар байх байсныг асууж ярилцаарай. Хоёр наснаас эхэлж хүүхдийн бусдыг ойлгох чадвар хөгжиж эхэлдэг учраас багаас нь ярилцаж, ойлгуулах нь чухал. “Хүүхэд юм чинь ийм авир гаргана” гэж бодолгүйгээр зөв эрхлүүлж, хүүхдээ ирээдүйд ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай нэгэн болоход та бүхний оролцоо маш чухал гэдгийг ойлгоорой.

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах