Таны хүүхэд хэт их зурагт, утас нэхэж үзээд байна уу?

1. Утас, дэлгэц өөрт нь ямар хор хөнөөл учруулж болох талаар тайлбарлаж өгөх

Утсаа одоо боль! гэж тушаахын оронд “Хэрвээ байнга утас үзээд байвал миний хүүгийн нүд байнга өвдөж яваандаа шил зүүдэг болно шүү?” гэх мэтээр учир шалтгааныг эвээр тайлбарлаж хүүхэд өөрөө ойлгох боломжийг олгох.

2. Зөв цагт тодорхой хугацаанд утас үзэхийг зөвшөөрөх

Утас үзэх цагийг нийтэд нь багасгасан ч хүүхдийн танин мэдэх хэрэгцээг хүлээн зөвшөөрөн тодорхой цагт тохируулан хэрэглэхийг зөвшөөрөх.

3. Утас хэрэглэхдээ анхаарах дүрмийг тогтоож өгөх

“Хоолны цаг, хичээлийн цаг, сэрээд болон унтахын өмнөх цагуудад утсаа ашиглахгүй байх нь зүйтэй. ‘’Миний хүү хэзээ утас үзмээр байдаг вэ ?” гэх мэт хамтран утас ашиглах дүрмийг тогтоож гэр бүлийн бүх гишүүд ижил тэгшээр түүнийг баримтлах.

4. Үзэх дуртай контентийх нь талаар ярилцах

Утсаараа чи юу үздэг, аль хүүхэлдэй, тоглоомыг илүүтэй сонирхдог, ямар зан ааш нь таалагддаг гэх мэтээр үргэлж утсанд сөрөг талаас хандахаас гадна мэдээлэл авах хэрэгсэл болгож ашиглаж болох талаар шинэ зүйлс зааж өгөх.

5. Шинэ хобби, сонирхолтой болоход нь туслах

Томчууд бидний өссөнөөс өөр орчин, цаг үед байгааг нь ойлгож шинэ содон үйл ажиллагаа, дугуйлан секцэд хамрагдахыг санал болгох. Боломжтой бол гадаа гарч тоглох, спортоор хичээллэхийг дэмжих.

6. Хамтдаа цагийг бүтээлчээр өнгөрүүлэх

Өдөрт багадаа 40 минутыг хүүхдэдээ бүрэн анхаарлаа хандуулж, хүсэж буй зүйлийг нь хамт хийж, шинэ хоол туршиж, хамтдаа зураг зурж амьд харилцаа илүү чухал гэдгийг мэдрүүлэх.

7. Өөрөөрөө үлгэрлэх

Та өөрийн шаардаж, зааж сургаж буй зүйлсээ өөрөө биелүүлдэг байж л танд итгэж, үгийг тань сонсдог гэдгийг битгий мартаарай.Мөн хүүхэд орчныхоо тусгал болж байдаг учраас энэ бүгд таны хичээл зүтгэлээс эхлэлтэй.Хэрэв та ажлын шугамаар ашиглаж байгаа бол үүнийг хүүхдэдээ заавал тайлбарлаж хэлээрэй.

8. Хамтын харилцаандаа анхаарах

Хүүхэд тань сонирхлоороо л утсаа оролдож байна уу, эсвэл өөр сонголт байхгүй байна уу? Хүүхэд утаснаас ямар мэдрэмж, таашаал авч буйг анзаарч утсыг л алга болгох бус магадгүй суурь шалтгааныг олж илрүүлж, түүн дээр ажиллахыг та хичээгээрэй.Үүний тулд гэр бүлийн уур амьсгалыг сайжруулах, хоорондын харилцаанд идэвх санаачлагчтай хандаж, итгэлцлээ нэмэх хэрэгтэй ч байж болох
юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Хуваалцах

Линк хуулах

Хуулах